10 сар
Говийн зэрэглээ жуулчны мэдээллийн төв нээгдлээ
Монголын уран сайханы “Говийн зэрэглээ” киноны зургийг одоогоос 40 гаруй жилийн өмнө Дундговь аймгийн Хулд сумын төвд авсан төдийгүй киноны гол үйл явдалд холбогдох тэр үеийн Холбооны салбарын байшин одоо ч тус суманд байдаг.
Говийн зэрэглээ төслийнхээ хүрээнд “Говийн зэрэглээ” кинонд гардаг холбооны жижиг барилгыг “Жуулчны мэдээллийн төв” болгож, энэхүү төвийн үйл ажиллагааг тэмээний өв соёл, аж ахуй, ашиг шимтэй нь холбон өгч аялал жуулчлалыг хөгжүүлэх санааг агуулсан төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилт, нутгийн иргэдийн оролцоотой дэмжлэг, хандиваар хэрэгжүүлж, нээлтийн арга хэмжээ 9 дүгээр сарын 30-нд Хулд сумын төвд хийлээ.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга, ШХА-ын хэрэгжүүлж буй “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн ерөнхий менежер Ц.Энх-Амгалан, Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва, төслийг санаачлагч, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны зөвлөх Н.Баасанхүү тус төвийг дэмжин хамтран ажиллах малчид, тэмээчид оролцлоо.