Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэр нь 1920-иод оныг хүртэл Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу болон Богд хан уул аймгийн Дэлгэрхангай уулын хошуунд харьяалагдаж байгаад 1921 оны ардын хувьсгал ялсны дараа засгийн газраас Орон нутгийн засаг захиргааны нэгжийг шинэчилэн зохион байгуулж Хулд сумыг Дэлгэрхангай уулын хошуунаас салбарлан, 1923 оны хавар одоогийн Хулд сумаас баруун урд байдаг Гүн ус гэдэг газар 2 гэртэйгээр байгуулсан. Анхны сумын засаг дарга нь тус сумын харьяат цэцгэр хэмээх Чимэдцогтын САМДАН болж нарийн бичгийн даргаар нь Өлзийт сумын харьяат “ногоон” хэмээх ХӨНДЛӨНХҮҮ томилогдон ажиллаж байсан.
1931 оноос Өмнөговь аймаг байгуулагдахад тус аймагт харьяалагдаж байгаад 1942 онд Дундговь аймаг байгуулагдахад түүнд харьяалагдах болсноор Дундговь аймгийн Хулд сум гэж нэрлэгдэх болсон.
Хулд сум нь үүсэн байгуулагдснаасаа хойш цаг уурын хүнд нөхцлөөс болж нүүдэллэн төвлөрч байсан. Үүнд:
-
1923-1930 онд Гүн усанд
-
1930-1939 онд Довд
-
1939-1942 онд Олдохын хийдэд
-
1942-1948 онд Довд
-
1948-1957 онд Могойтод
-
1957-1958 онд Луусын Зодоход
1958 онд татан буугдаж нэг жил болоод нэгдэлжих хөдөлгөөн үүссэнтэй холбогдон 1960 оноос одоогийн Улаанжирэмд төвтэйгээр шинэчилэн зохион байгуулагдсан.
Сумын хилийн зурвасыг нар зөв тойруулан нэрлэвэл Цантын уулнаас Бор хонгорын зоо, Зээгийн улаан овоо, Далангийн хонгор, Олдохын чандмань, Гэр овоо, Зосон тээг, Хөх толгой, Бор уушиг, Мэнгэтийн хүрэн овоо, Оорцогийн овоо, Гүн гашууны худаг, Улаан худаг, Үйзэн суваргын овоо, Бударгана ус, Дэлгэрэхийн ус, Төгрөгийн цагаан тахилга, Хонгорын овоо, Тасархай, Үйзэнгийн шарга овоо, Шувуутайн уул, Шарангадын худаг гэсэн зураглал гарна.
Дэлгэрэнгүйг: https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D1%83%D0%BB%D0%B4_%D1%81%D1%83%D0%BC