ТЭМЭЭНИЙ НООС

Монгол тэмээний ноосон ашиг шим. Хос тэмээ түүн дотроо Төв Азийн их цөлд байгаа тэмээний аж ахуйн нэг чухал чанар бол түүний ноосон ашиг шим юм. Төв Азийн өндөрлөг хүйтэн сэрүүн өвөлтэй экологийн өвөрмөгц орчин нь мал амьтанд хүйтэн сэрүүнээс өөрийгөө хамгаалах нэмэгдэл ноолуурын бүрхүүл үүсэхэд хүргэсэн байдаг. Хос бөхт тэмээ зуны 5-6 сард гуужиж ноосгүй байх боловч тэмээний бие дээр чиглүүлэгч үүрэгтэй сор үс үлддэг байна. Харин зун 7-р сараас эхлэн ноос эргэн ургаж 12-р сарын сүүлээр ургаж гүйцдэг байна. Хос бөхт тэмээний ноосны гарц дунджаар 2,6-8,3 кг байдаг бөгөөд тэмээний ноосны 21,6-35,5 хувийг эр ноос өвдөг, зогдор эзэлдэг бол 70 орчим хувийг зөөлөн эм ноос эзэлдэг байна. Эм ноос буюу зөөлөн ноосны 86,0-94,4 хувь, эр ноос буюу ширүүн ноосны 66,5-84,7 хувийг 14,4-23,6 микронтой ноолуур эзэлдэг. Үндсэндээ өсвөр тэмээ, ингэн тэмээний ноос нь ямааны ноолууртай дүйцэхүйц чанартай байна. Ер нь ноолуурыг бол гурван үндсэн ангилалд хамааруулдаг билээ. 14-20 микронтойг кашмер буюу бидний мэдэх ноолуур, 21-23 хүртэлх микронтойг кашгор арай бүдүүвтэр ноолуур 23 дээш микронтойг махор буюу ноос гэж хуваагаад байгаа.

100 хувийн цэвэр тэмээний ноосон давуугаар хийсэн дээд зэрэглэлийн Итали улсад үйлдвэрлэсэн костюмыг онлайнаар худалдах зарыг харахад 800-1200 ам доллар хүрч байна. Арабын элсэн цөлийн нэг бөхт тэмээний ноосоор хийсэн бодуузай тэгвэл Төв Азийн Монголын говийн хос бөхт тэмээний ноосыг уулын цэвэр усаар угаан Испанд ургадаг өргөст ургамлын толгойгоор зүлгэн сайжруулж бэлтгэсэн торгомсог даавуу үйлдвэрлэн Италийн хувцасны шилдэг дизайныг оруулан үйлдвэрлэсэн энэ төрлийн хувцас хамгийн тансаг зэрэглэлийн байхаас аргагүй юм.

Тэмээг ноослох. Монгол орны нөхцөлд тэмээний ноосыг гурван ээлж болгон хяргаж авдаг. Тэмээг зурагт заасан схемийн дагуу үе шаттайгаар ноосолдог. Эхний ээлжинд тэмээний эр ноос буюу ширүүн ноос болох өвдөг, зогдор, шилний ноос, өрөвлөг, бөхний оройг (зураг дээрх I, II, III тэмдэглэсэн хэсэг) голдуу дөрөвдүгээр сарын дундаас авдаг. Хоёрдугаар ээлжинд 5-р сард эм ноосыг хөндийрсөн хэсгээс хүзүү, цавь, суга, бөөр, хээлүүрийн ноолуур бүхий хэсгийг шууж ноосолдог. Шуултыг дотор нь доод (зурагт заасан IV хэсэг) ба дээд (зурагт заасан V хэсэг) шуулт гэж хоёр хуваан хийж болдог. Хамгийн сүүлд 6-р сарын 20 ны дотор багтаан их биеийн хом ноосыг (зурагт заасан VI хэсэг) хяргаж дуусгана. Үүнийг малчид тэмээ нүцгэлэх гэж нэрлэдэг. Тэмээний ноослох үеийн хаягдал 10-15 хувь байдаг. Тиймээс хаягдлыг багасгахын тулд тэмээний ноос хөндийрөх цагаар тэмээг хариулагатай байлган ноосны хөндийрөлттэй уялдуулан байнга ноослох хэрэгтэй.  Тэмээ нь хүйтэн салхи шуурга, бороо цас зэрэг гэнэтийн үзэгдэлээс үүсэх дарамтыг даван туулах чадвар сул байдгаас үхэж хорогдох аюултай байдаг.