ТЭМЭЭНИЙ МАХ

Тэмээний махны үнэ цэнэ. Тэмээний махыг сэрүүн чанартай гэж Монголчууд хүнсэнд өргөн хэрэглэдэггүй ч тэмээний махны үнэ цэнэ зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, малчдын орлогын ялангуяа бэлэн мөнгөний хомсдолтой үед чухал эх үүсвэр болсоор байна. Тэмээний мах нь Ази, Африкийн олон орнуудад хүнсний нэг гол эх үүсвэр, өлөсгөлөнгөөс аврах нэг чухал гарц болсоор байна. Тэмээн сүргийн дотор эр, сувай малын эзлэх бараг 60 орчим хувьтай,  атан тэмээний эзлэх тоо 30 хувиас дээш байгаа тэмээг маханд борлуулж орлогоо нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна.

Холестрингүй цэвэр мах. Одоо хүнсэнд хэрэглэгдэж байгаа махны дотор холестрины агууламж хамгийн багатай мах нь адууны мах гэдэг гэтэл тэмээний махыг сүүлийн жилүүдэд холестрин бага хүнсэнд ихээхэн тохиромжтой мах гэх боллоо. Учир нь бусад малын маханд өөхөн эдийн хуримтлал махны ширхэгийн завсараар явагддаг бол тэмээний өөх булчингийн ширхэгтийн завсараар бус биеийн тодорхой хэсгүүд бөх, хом, цорой гэх мэт хэдэн нөөц газруудад хуримтлагдаг нь махны хүнсний үнэ цэнийг нэмэгдүүлж байна. Нэгэнт махны ширхэгтийн дунд өөх байхгүй учраас холестрины агууламж харьцангуй бага байдаг. Нөгөө талаар үхрийн махнаас уургийн агууламжаар дутуугүйн дээр өөх тосны хэмжээ бараг 2 дахин бага, эрдэс бодисын хэмжээ адил байна. Харин илчлэг чанарын хувьд л бусад төрлийн малын махнаас бага зэрэг доогуур байдаг.

Хос бөхт тарга хүч сайтай тэмээнээс дунджаар 220-250 кг мах гарах бөгөөд биеийн массын 48-52% тэнцэх хэмжээний мах гардаг байна. Монгол хос бөхт тэмээний гулууз махны жинг 100 хувь гэвэл дан махны гарц 54-56; өөх 17-19,8; яс 19,8-24,07; шөрмөс, хальс, бүлх 3,2-4,9; шулах үеийн хаягдал 1,3-1,45 хувь тус тус байдаг. Монгол хос тэмээний нэг кг маханд уураг дунджаар 18-20 хувь, эрдэс бодис нэг орчим хувь агуулагдаж байдаг бол бусад хэсэг нь ус чийг бусад бодис байдаг. Тэмээний махыг хоол хүнсэнд ашиглахаас гадна борц, хиам, хатаасан мах, котелетийн мах мөн түүнчлэн бургерийн мах зэрэг олон арван бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Тэмээний махан борц ба хатаасан мах-Jerky. Монголын нүүдэлчид махыг хатаан удаан хугацаанд хадгалж хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн бөгөөд говь цөлийн нүүдэлчид тэмээний махыг өвлийн хүйтэн агаар салхинд хөлдөөн хатааж борц бэлтгэн хавар, зуны эхэн сарыг дуустал хэрэглэдэг. Хос бөхт тэмээний нэг килограмм хатаасан борцны чийглэг 7,01; тослог 20,04; уураг 69,2; үнс 3,75; илчэт чанар 2753 ккалори байдаг аж. Тэмээний борц нь нэг төрлийн жерки бөгөөд урт удаан хугацаанд хуршиж муудахгүй хадгалан хэрэглэх боломжтой байдаг юм. Говийнхний будаа цайны нэг чухал хольц нь болдог.

Тэмээний махан жерки-Тэмээний махыг амтлан үхрийн махны адил технологиор жеркиг олон оронд хийж байна. Тэмээний махаар хийсэн жерки зах зээлийн дундаж үнэ 100 гр нь 17-20 ам.доллар орчим байна. Тэмээний махан жеркиг Монголын говьд ч гэсэн үйлдвэрлэн аялал жуулчлалын зах зээл болон жерки ихээр хэрэглэдэг орнууд руу экспорт хийх боломж байсаар байна.