ХУЛД УУЛ

ДОРЖ СЭВЭР БУЮУ ХУЛД УУЛ

Хулд уул өнө эртнээс  шүтэгдэж тахигдаж ирсэн түүхэн уламжлалтай Хулдчуудын онгон шүтээн бүхий хайрхан юм. Хулд сумын төвөөс  баруун тийш 12 км оршдог. Ноён оргил нь далайн төвшинээс 1622,8 м өндөрт өргөрөг уртрагийн 45°12'40.49"N 105°23'44.19"E  оршдог.  Тахилгатай ноён оргилоосоо 3 км радиуст бүх салбар уулнууд нь багтдаг онцлогтой.

Хэцүү тээгийн уулыг дөрвөлжлөн тогтсон байрлалаар нь цэргийн хуаран хэлбэртэй гэдэг бөгөөд зүүн баруун талаараа тархан ургасан их бүйлсийг цэргийн агт гэж домоглон билэгддэг. Энэ уулнаас зүүн тийшээ домогт өгүүлсөн буюу газар шинжээчийн хэлснээр “Баруун гартаа хонхны очир зүүн гартаа гуугийн бумба барьсан лам” хүний шинжтэй Дорж сэвэр буюу Хулд уул оршдог.

Түүний ноён оргилыг тахиж шүтэж ирсэн. Хууч яриа домогт өгүүлснээр энэ ууланд алс хол цэрэг дайнд явахдаа амь нас эрүүл мэндээ даатгадаг байсан. Эдүгээ хүртэл энэ нутгаас алс хол явж байгаа хүмүүс буян заяа зам мөрөө хайрхандаа даатгаж сэтгэлдээ тээж явдаг билээ. Мөн алс газар явахдаа сангийн судрыг уншиж аравнайлуулан биедээ авч явдаг.

Хулд уулын эзэн нь хуварга хүн байдаг бөгөөд энэ нутгийнхан хүн ам цөөхөн гаднаас ирсэн хүмүүсд  маш ээлтэй нутаг учраас алба хаасан, амьдран суусан хүмүүс өөдлөн дэгжиж өөриймсөн нутагшдаг хэмээн зон олон түмэн нь бахархдаг билээ.

Тахилга

Уул овоог тахихдаа буддын шашны ёсоор бол лус буцах өдөр овоог тахидаггүй. Овоог өвлийн дунд үхэр сарын 15-нд сүүлчийн тахилга хийгээд хаврын эхэн бар сарын   шинийн 7 хүртэл тахидаггүй ёстой. Энэ хооронд лус амарч байдаг.  Харин жилийн төгсгөлийн ба жилийн эхний тахилгыг заавал хийж байх учиртай ажээ.

Харин Хулд уулыг Зуны дунд сарын шинийн 15-наас намрын эхэн сар хүртэл нэг л удаа тахиж ирсэн уламжлалтай гэж Тугалдай овогт Борын Жамьян хэлсэн байдаг бөгөөд бурхан шашин сэргэсэн 1990 оноос зуны эхэн сараас тахиж шүтэх эхлэлийг нутгийн өвгөн хуваргууд Цэрэв, Чоймбол, Санжаа, Даваасамба нарын лам нар тавьж тэдний хойчийг залгамжлагч хуварга Ц.Насанжаргал өдөр судрыг тааруулан оройлон оролцож зохион байгуулж байна.

Овоо тахилгыг хийхдээ тэр овоонд ил байдаг бусад тахилгат овоонуудын эздийг урьдаг. Дэлгэрхангай, Луусын булаг, Мэнгэтийн хонгор, Олдохын Жандмань, Сүүжийн улаан овоо Далангийн хор, Бор хонгор, Зээгийн улаан овоо ...

Тахилгын өглөө эртлэн босож их унтахыг цээрлэн гоё сайхан хувцасаа өмсөж товч шилбээ бүрэн товчлон жавхаалаг сайхан өмсөж төлөв түвшин ууландаа очих нь уул усны эзнийг баярлуулж буй хэрэг.

Лусыг баярлуулах болохоор наадам хийж өөрсдийгөө баяруулах хэрэг огтхон ч биш

Тахилгад ирэхдээ унаа хөсгөө бэлд нь тавиад бэлээс 1 чулуу овооны дунд хэсгээс 1 чулуу овооны оройгоос 1 чулуу авч

“Овооны их нь таньд

Олны их нь маньд

Сүрийн эх нь таньд

Сүлдний их их маньд

Өндрийн их таньд

Өлзийн их маньд” хэмээн шившиж 3-н чулуугаа овоонд өргөнө.

Уулын орой буюу овооны орчимд лам ноёд, тухайн орон нутгийн эрхтэн дархтанууд, хар хүмүүс гарч ирнэ. Заримдаа уг уул овоонд гарвал өөрт хүндэднэ гэж үзсэн эрэгтэй хүн ч гарахгүй байх нь бий. Овоон дээр очоод уул овоо тахих үйлийг голлон гүйцэтгэх уншлага унших лам нар тэргүүлж бусад хүмүүс өөрсдийн зэрэг зиндаагаар нэг хөлөө нугалж бохирч суух буюу эсвэл сөхрөнө.

Харин ямар ч хүн явган суухыг хориглоно. Лам нар  уул овоонд тохируулан ном унших бөгөөд түүнд унших ном нь тодорхой дэс дараалалтай байна.

  • Итгэлээ уншиж, гурван эрдэнэдээ итгэлээ олоод зургаан зүйл хамаг амьтанд амгалан жаргаланг ерөөгөөд оюун ухааны сорыг хайрлагч Манзушири бурхандаа мөргөж эхэлнэ.
  • Уул овоогоо тахихаасаа өмнө арван гурван сан, эрхэт дээд тэнгэрийн сан, арван гурван атаа тэнгэрийн сангаар мөнх тэнгэр тахина.
  • Үүний дараа Монголын их уулсын эзэн Очирвааньдаа мөргөж, Монголын уулсын төв нь болдог дөрвөн ууландаа сан тахилгаа талбина
  • Дорж сэвэр уулынхаа санг уншина.
  • Мөн овоо тахилга юунд зориулж байгаагаас шалтгаалан унших ном нь өөр өөр юмуу эсхүл хүссэн чиглэлийнхээ номыг түлхүү уншдаг. Бузар буртаг их талбигсан, хог шороо их асгаснаас уул, овооны орчин их бузардсан бол ариун сангууд, эд мал арвижуулах гэж байгаа бол даллага, бороо хур гуйж байгаа бол лусын сан унших жишээтэй.
  • Ер нь ямар ч зорилгоор уул овоог тахисан эцэст нь даллагуудыг авч, Жанлавцогзол уншдаг байна.

Заншил

Өмнөөс нь гарч урагшаа буцаж буудаг. Хадгаа залаад 3 удаа тойрч хүндэтгэл үзүүлэх ёстой. Өмнөөс нь гарахдаа 3-аас доошгүй удаа сунаж мөргөж гардаг.

XVIII-XX зууны эхэн үед хошуу бүр овооны тусгай ламтай бөгөөд тэдгээр нь овоо тахилгын үед бусад ламаа дагуулж ном уншдаг байсан хэмээн судлаачид тэмдэглэсэн байлаг. Ер нь уул овоог тахихдаа дөрвөн ламаар уншлага уншуулвал их сайн гэдэг. Хулд уулыг 4-өөс дээш ламтай 3-аас дээш шүүстэй тахилга үйлддэг.

Тахилгаа угтуулж өмнөх өдөр Хулд сумын төвийн хийдэд хийдийн  сахиусыг тахин, Мандал өргөж, Буян хишгийн даллага авах буян номын үйл ажиллагаа зохион байгуулдаг

Тахилгаа өндөрлөөд Хулдын гүн усанд Лусын эм өргөж лусын сан тавих ажиллагаа зохион байгуулдаг.  

Уул овоогоо тахисны дараа эрийн гурван наадам хийж тахилгаа өндөрлөдөг.

  • Хурдан морь уралдуулна. Дээр үед зөвхөн их нас уралдуулдаг байсан хууч яриа тэмдэглэл байдаг бөгөөд одоо даага уралдуулдаг.
  • Хүчит бөх барилдуулна.  16-64 хүртэл бөх барилдуулдаг
  • Шагайн харваа /багийн харваа ба хувийн цуваа харвуулдаг/

Уул овооны тахилгын төгсгөлд даллага авсаны дараа уул овооны эздэд өөрсдийн авчирсан идээ будааны дээжээс өргөөд тахилга хийсэн хүмүүс овоогоо эргэн мөргөнө. Мөргөлөө гүйцээсний дараа тахилгад оролцсон бүх хүмүүст базааж бэлтгэсэн идээ шүүсээ хуваан хишиг хүртээж тахилгын гол хэсэг өндөрлөнө.

Цээрлэх ёс

Архи уудаггүй /овоон дээр бие засдаггүй, тамхи татдаггүй/ арилжаа наймаа хийдэггүй, нүцгэн шалдан очдоггүй. Оргил дээр бүсгүй хүн гарахгүй бэлээс сүсэглэн залбирч даатгадаг

Хулд уулын сангийн судар

Хулд уулын сангийн судар нь Олдохын хийдэд шавилан сууж байсан лам Халтайн Санжаад хадгалагдаж байсан эх нь юм.

Дорж сэвэр гэдэг нь монголчилбол Алмааз эрдэнийн сүр жавхлант гэсэн үг утгатай дүйж байгаа болно.

Судрын төгсгөлд ... хэмээснийг “Халх зүгийн Алмааз эрдэнийн сүр жавхлант уулын сан тахилга” хэрэгтэй хэмээн Чойжийгэлэгжамц гүлэлсний хариуд Бандида гэлэнгийн дүрийг баригч Жамъянданзанжамц дүрсэнд буулгав гэжээ. Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, мэргэшсэн хүнд өгдөг эрдмийн цол.

Энэхүү сан судрийг 2014 онд засаж товхинуулан 300 хувь хэвлэн баринтаглаж баян хайрхан уулаа шүтэж биширдэг өглөгийн эздэд аравнайлан тараасан.

Энэхүү санг нутгийн лам Цэнд-аюушийн Насанжаргал яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва нар өөрсдийн хувилбараар орчуулан нийтийн хүртээл болгосон. Мөн Гандантэгчилэн хийдийн МБШДС-ийн багш Батдэлэгийн Соронзонболд “Дундговь нутгийн уул овооны сан, тахилгын судрууд” номонд Дашгэнпэлин хийдийн хуварга Лувсансанжайн орчуулгаар хэвлэгдсэн.

Ц.Насанжаргалын орчуулга:

ХАЛХ ЗҮГИЙН  ХУЛД ДОРЖ СЭВЭР  (ОЧИРТ СҮР ЖАВХЛАНТ)  УУЛЫН САН ТАХИЛГА

Үүн дор сан мөргөхийг хүсэж үйлдвээс аврал од /Гончигсумлаад залибараад бодож бясалгаад / билгийн сэтгэлийг өмнө нь талбиад

Оргил өндөр уулсуудын  ойр тойронд оршигч

Орчлон сав шимийн огоот үзэсгэлэнт уулнаа

Орныг тэтгэгч очирт сүр жавхлант хайрханы

Эрхэт сүлдэн сахиус үзэсгэлэнт нүүрт

Баруунаа очир зүүнээ гуу сангийн бумбатай

Бат таван гишгүүрт эрдэнийн алтан ширээнээ

Биднийг тэтгүүлэхийн тухайд урин залья

 

Тангараг өргөсөн дагуу  энэ  орноо баттай орш

Мунхагийн эрхээр лагшин зарлигт тань

Харшилсан гэмийн чуулганыг хоцроолгүй наминчилья

Зоригдолгүйн агаараас хүлцэн болгоогоод

Хэрэг хүсэл шид бүтээл бүхнийг хайрлан соёрх

Таны тааллыг баясгахын тулд гадна дотнын  тахилын чуулганг

Бодитой бэлтгэсэн сэтгэлээр хувилгасан бүгдээр газар дэлхийг дүүргээд

Адуу хонь үхэр тэргүүнтэн  таван хошуу мал сүргээ

Баясахын тухайд сайн бүхнээ өргье

 

Машид бадарсан галын дөлөн дунд

Сайн зургаа тэргүүнтэн зайг шатаан үүлэн завсар түгээж

Газар дэлхийг дүүргээд сайтар өргье

 

Өөр өөрийн баясах зүйлийг таалан болгоод

Бурханы шашин нийт хийгээд баясгалан төгөлдөр олны

Бүгд амгалан жавхлант гэрэл бадарсан номын өргөө үүнд

Шашны дуаз өнөд удаан оршихыг зохио

 

Шашинд элбэрэлтэй үйлтэн өглөгийн эзэн нугуудын

Нас буян нь цагаан лянхай  адил машид дэлгэрээд

Цог учрал нь булаг мэт доройтолгүй арвидаад

Язгуур дамжлага сайн үйл бүхнийг дэлгэрүүлэн зохио

 

Тэнгэр хүмүүн лусын эрх баялагийн

Шид бүтээллэгийн их хур сайтар бууснаар

Доройтсон амьтан хоосноос үүрд амирлаад

Хотол чуулган хишиг буяныг нөхөрт дуудан зохио

 

Сав ертөнцийн хишиг өлзий хутаг  шимт  дэлгэрээд

Шим ертөнцийн хишиг өлзий нь хүмүүнд  дэлгэрээд

Шимт номын учрал өлзий хутаг эдгээр бүгдэд дэлгэрээд

Сав ертөнц  даяар сайн чуулган бүхэн дэлгэрэх болтугай

Чухаг дээдийн нигүүлсэнгүйн цагаан шүхэрээр  түйтгэрийг арилган

Ертөнцийн амьтан бүхэн хос загас лугаа  далайд  цэнгээд

Шид бүтээлийг гуусан сайн бумба нь хүсэл бүхнийг гүйцээж

Нас буян нь цагаан лянхуа  мэт мэт дэлгэрээд

Яруу алдар нь дунгийн дуу лугаа яруу

Сонсох санах бясалгах нь өлзий утас мэт сүлжилдэн

Үл зохилдох дайсанд  ялахын тэмдэгт мэт үзэсгэлэнтэй

Өлзий хутгийн хүрд  гурван газарт түгэх болтугай

Халх зүгийг  дорж сэвэр уулын сан тахилга хэрэгтэй хэмээн  Чойжий гэлэгжамц гүлэсний хариуд  бандида гэлэнгийн дүрийг баригч Жамьяан данзан жамц  дүрсэнд бичив  хэмээснийг Цэнд-Аюушийн Насанжаргал монгол хэлнээ буулгав.

 

П.Нямлхагвагийн орчуулга:

ХАЛХ ЗҮГИЙН, АЛМААЗ ЭРДЭНИЙН (ОЧИРТ) СҮР ЖАВХЛАНТ

ХУЛД УУЛЫН САН ХЭМЭЭХ СУДАР ОРШВОЙ.

 

Үүн дор мөргөж сан тахил үйлдэхийг хүсэх аваас
Үнэнхүү аврал одуулахаа, билэг сэтгэлийн өмнө талби.

Эргэн тойрондоо үзэсгэлэнт өндөр өндөр оргилуудтай
Энэ ертөнцийн сав шим, огоот сайхан уулнаа
Алимад туяарлын шидээр энэхүү орныг тэтгэгч
Алмааз эрдэнийн (Очирт) сүр жавхлант хайрхан мину

Бадрангуй сүлдэн сахиус эрхэтийн гоо үзэсгэлэнт минь
Баруун талдаа очиртой, зүүн талдаа бумбатай
Бадмаараг эрдэнийн ширээнээ баттай залран хайрла
Биднийгээ тэтгэн гийгүүлэхийг наминчлан залбирч урья

Өнөд ивгээн дэлгэрүүлэхийн эш тангараг өргөсөн
Өргөн уудам энэ орондоо өлмий бат орш оо
Өөдгүй мунхагийн эрхээр лагшин зарлигт тань харшилсан бол
Өчүүхэн гэмийг ч хоцроолгүй өргөн олноороо наминчлая

Зоригдол үгүйн агаараас аяа, биднээ хүлцэн болгоо
Зорьсон хэрэг, хүсэл бүхнийг шидээр бүтээж хайрлан соёрх
Зон олны тааллын шүтээн таныг баясгахын тулд
Зоог тахилын элдэв чуулганаар газар дэлхийг дүүргэе

Бодитой бэлтгэсэн идээ будаа таван тансаг болоод
Бодгүйд хувилгаж сэтгэлээр бүтээсэн увдист тахилын чуулган
Адуу хонь үхэр тэргүүтэн таван хошуу мал хийгээд
Ашид таныг баясгахын тухайд сайн бүхнээ өргье

Үүсгэн бадраасан их галын машид улаан дөлөнд
Үнэр анхилам арц хүж, зандан гүглийг шатаагаад
Гай түйтгэрийг хөөн зайлуулах сайн зургаан зай тэргүүтнийг
Газар дэлхийгээр дүүрэн анхилтал уугиулан үйлдэж өргье

Буян хишгийг өгөн дэлгэрүүлэх та өөрөө таалан болгоогоод
Бурханы шашин хийгээд нийт олноо баясгаланг үйлдэж
Амгалан жавхлант ном бүтээлийн сайн чуулганг дэлгэрүүлэн
Алтан дуазыг өндөрт өргөөд өнөд удаан оршихыг зохио

Авралт шажинд элбэрэлтэй өглөгийн олон эзэн нугуудын
Аман хишиг, нас буян нь лянхув адил машид дэлгэрээд
Яруусан бадрах цог учрал нь булгийн ус мэт бургилаж
Язгуур болоод дамжлага бүхэндээ сайн үйлээр дэлгэрэхийг зохио

Хурмаст тэнгэр хүмүүн хийгээд лусын эрх баялгийн
Хувилгаан шид, бүтээлийн хур алагчаалалгүй сайтар бууснаар
Хоол ундгүй доройтсон амьтад зовлонгоос үүрд амирлаад
Хотол чуулган, хишиг буяныг нөхөрт дуудан зохио

 

Сав ертөнцийн өлзий хишиг шим ертөнцөд дэлгэртүгэй
Шим ертөнцийн өлзий хишиг хүмүүн зондоо дэлгэртүгэй
Дээдийн номын учрал хутаг эдгээр бүгдэд дэлгэртүгэй
Дэлхий ертөнц даяар сайн чуулган бүгд дэлгэрэх болтугай

Хүмүүн зон, мал сүрэг, амьтан бүхэнд тусыг бүтээгч
Хүслийг хангах найман тахилыг үзэмж бүрэн үйлдэж өргье
Өргөл болоод тахилын энэ найман их чуулган адил
Өнө хожид сайн үйлс санасан хүссэнчилэн дэлгэртүгэй

Чухаг дээд нигүүлсэнгүйн ЦАГААН ШҮХЭР-ээр түйтгэр арилтугай
Чуулсан амьтад, ертөнцийн бүхэн ХОС ЗАГАС лугаа уснаа цэнгэн жаргатугай
Увдис бүтээлийг нуусан алтан БУМБА нь хүсэл бүхнийг гүйцээтүгэй
Улс амьтны нас буян нь ЦАГААН ЛЯНХУВ мэт дэлгэртүгэй

Сонсголонт яруу алдар нь ЛАВАЙН-н дуу адилаар дуурсан түгтүгэй
Сонсох, санах, бясалгах нь ӨЛЗИЙ ХЭЭ мэт нөхцөлдөн сүлжилдтүгэй
Үл зохилдох дайсанд ялахын ДУАЗ мэт сүр үзэсгэлэнг үзүүлтүгэй
Үүрдийн бэлгэ өлзий хутагийн ХҮРД гурван газарт мөнхөд эргэх болтугай

... хэмээснийг “Халх зүгийн Алмааз эрдэнийн сүр жавхлант уулын сан тахилга” хэрэгтэй хэмээн Чойжийгэлэгжамц гүлэлсний хариуд Бандида гэлэнгийн дүрийг баригч Жамъянданзанжамц дүрсэнд буулгав гэжээ.  Үүнийг өчүүхэн миний багшид шүтэгдэгч Баасанхүү эх монгол хэлнээ хөрвүүлж өгнө үү хэмээн хүссэний дагуу ДУУН ХӨРВҮҮЛЭГЧ-ийн хэтийдсэн алдрыг өөрийн биед хуурмагаар нөмрөгч номын өчүүхэн боол Нямлхагва бээр орчуулан үйлдсэн нь Модон морь жилийн Хаврын адаг шар Луу сарын шинийн аравны Балжиннямтай билэгт сайн өдөр болой.

Уул овооны сангийн судрын агуулгыг нягтлаж үзэхэд уул овооны ихэнх судар, уул овооны эзэн сахиусыг урин дуудаж буянт мал сүргээ тэнгэрийн од шиг олон болгож, будаа тариагаа газрын үндэс шиг арвижуулах, гай барцад, гарзын үүдийг үл  хүсэмжлэн, хижиг өвчин, ад дон, муу хулгай дээрэм, ган зуд, хяруу мөндөр, хэл ам, хэрүүл уруул тэргүүтэн үл зохилдох зүгийн бүхнийг амирлуулан, хотол олны нас буян батжиж, цог учрал амны хишиг дэлгэрч санасан хэргийг ая зөнд нь бүтээхийг гуйн хүссэн агуулгатай. Сангийн судруудыг ажиглахад хэмжээ, үг хэллэгийн хувьд харилцан адилгүй ч дотоод бүтэц, агуулгын хувьд нийтлэг логик дараалалтай.

Сангийн судрууд нь

  1. адислах,
  2. тахилгын зүйлсийг дуудах,
  3. газар, усны эзнийг урин дуудах
  4. өргөл өргөх,
  5. тахин мөргөх,
  6. магтан баясгах,
  7. хүссэн хэргийг өчих,
  8. хишиг даллах
  9. хүлцэл өчих,
  10. ерөөх,
  11. ажруулан