Тэмээг уналга, эдэлгээнд сургах. Тэмээг ажлын сайн мал болгохын тулд ботгыг уях, барьж тавьж номхруулхаас эхлэх хэрэгтэй. Тэмээг ихэвчлэн хоёр настайд өвөл 2 ба 3-р сард эсвэл намар 10-11 сард буйллана. Буйллах хугацааг оройтуулж нас дэвшвэл хамрын мөгөөрс бэхжиж буйллахад хүндрэлтэй болдог талтай. Буйлласан жилдээ багтаан тэмээг эдэлгээнд сургах нь тохиромжтой. Тэмээг буйллахын тулд тэмээг шилээр дарж бэхлэн хүзүүг сунган дээд уруулыг цоров маягаар татахад хамрын нүхний урд хэсэгт нимгэн сиймхий тэмтрэгдэнэ. Түүгээр буйлны үзүүрээр юмуу тусгай гилбэр ашиглан зөөлөн эргүүлэн хатгаж цоолоод буйлны үзүүрт товх хийн тогтоож өгнө. Буйл самсаанаас урдуур орвол тэмээний хамар хатуу болох, хэт хойгуурдвал эмзэглэл ихээр үүсгэж тэмээг ярдаг зантай болгох улмаар самалдагт гэм суулгаж амьсгалд нөлөөлөх талтай. Монголчууд ихэвчлэн тэмээг хаврын тэргүүн, намрын адаг, өвлийн эхэн сард уналга эдэлгээнд сургадаг уламжлалтай. Сургахдаа эхлээд нэг хоёр хоног уяж биеийг хөнгөрүүлсний дараа баруун талын урд хөлийн тавхайгаар зөөлөн сур, дээсээр урхидан тавагчаа хийн хоёр бөхний хоорондуур зөв тийш унжуулна. Тохош тохож оломлоод тавагчаас татаж бохируулан эргүүлэхэд тэмээ хэвтэнэ. Хэвтсэн үед түргэн мордоно. Сургаж байгаа тэмээг орилоо болгохгүйн тулд нүдний урдуур хатуу хоншоор дээгүүр ам хамхигчаар бооно. Тэр нь ногтноос бэхэлсэн сур дээс юм. Мордоод ногтоор нь голдуу залж явуулах ба шинэ сурч байгаа тэмээг бурантагнаас нь их татвал орилоо, ташуурдахад айгаад явахгүй болох муу зан сурдаг талтай. Мордоод эхний үед залахгүй дуртай зүгрүү нь явуулж уурыг гаргана. Аль болох ташуураар гуядахгүй ширвээн үргээж явуулна. Сургаж байгаа тэмээг эхний 2-3 хоногт идүүлж услахгүй унах ба орой бүр тохомыг авч хонуулна. Уналгад сургаж байгаа тэмээг явдал түргэн, гүйлгээ сэгэлзүүр явуулж сургах нь чухал байдаг. Сургаж байгаа тэмээг хэвтүүлэхдээ бурантагийг сулавтар байлгаж ногтны сэжмээс зөөлөн дугтран сөглөж давхар тавхайвчаа татаж хэвтүүлнэ. Явж байгаад гэнэт хэвтэн тусвал буух хэрэггүй муу зан сурах тул хажуу талруу нь хэлтийж суувал амархан босдог. Сургахдаа биеээ цэх байлгаж, туйлах бүрийд толгойгоо гэдийлгэн хөлөө хавчина. Тэмээ туйлахдаа хүзүүгээ сунган сүүлээ хавчдаг учраас хүзүүг хэт сул тавилгүй татаж явах ба зарим хэтэрхий хангал, бүдүүн тэмээний сүүлийг эхний хэд хоног хажуу тийш сойж уяж болдог. Тэмээг унаад сургахдаа орилдоггүй, явдал дундаа өвс шүүрүүлж сургавал зүгээр. Анх сургаж байгаа тэмээг олон хоног унаж эдлэн унаашруулах сайн биш тул эхний ээлжинд 3-7 хоног унаад тавьж 7-10 хоногийн дараа дахин барьж унах замаар номхруулдаг.
Тором унах хүн 30-40 кг, бусад өсвөр тэмээ унах хүн 50-60 кг жинтэй хориос дээш насны тэмээ мал мэддэг уур уцаар багатай малтай зөв харьцдаг хүн байвал зохистой.
Тэмээг унаж сургах ажил 10-15 хоног үргэлжихэд зүгширч, 20-25 хоноход хүний дохио, удирдлагыг биелүүлэх чадвартай болдог. Үндсэндээ унаснаас хойш нэг жилийн дараа унамгай болдог. Тиймээс сард хоёроос доошгүй удаа 5-7 өдөр унаж эдэлж жилдээ 70-100 өдөр унаж байж уналгын мал болно.
Тэмээг уналгад сургаад ойрын эдэлгээнд 3-4 наснаас, холын аян жинд 5-6 настайгаас нь сургана. Хэвтэж сурсны дараа шилийг дарж богочоод зузаан хомоор хомнож дуу гарахааргүй хүнд ачаа ачиж ногт бурантагны үзүүр нийлүүлэн хөтлөнө. Анх хүнд ачаа ачиж сургах нь нуруу ачааны даац сайтай болгоход тустай. Анх хөнгөн ачаанд сургаад дараа нь хүнд ачаа ачвал явдал дунд хэвтэн тусах, ачаа ачиж байхад босон харайх зэрэг муу зантай болдог. Ачааг тэгшхэн тогтвортой ачаад эгцээр босгож явуулж сургана. Ачилгад сурсан тэмээнд эхлээд биеийн жингийн 20-30 хувь, дараагаар 30-40 хувь сүүлд нь 50 хувиар багцаалан ачиж сургана. Нас гүйцсэн тэмээнд 200-250 кг ачаа тохиромжтой байдаг. Ачаа таарсан тэмээ урд хоёр хөл дээрээ өндийгөөд өрөөсөн хөлөө шууд тавхайлдаж гишгээд босно. Хэрвээ ачаа хүндэдсэн бол тавхайгаараа гишгэж чадахгүй сагагаараа бохирч босдог. Ингэж босож байвал ачааг багасгаж тэнцүүлэх хэрэгтэй.
Монголчууд уналга эдэлгээний тэмээний явдлыг өртөө газраар (30 км) хэмждэг. Ачилгад сурч байгаа тэмээг дасгах журмаар эхний хэд хоногт 10, дараагийн өдрүүдэд 20, сүүлдээ 30 км газарт явуулж сургана. Тэмээг тэргэнд сургахын тулд ачаанд сурсан тэмээг тэрэг хөллөсөн тэмээтэй хамт 5-7 хоног явуулан дасгаж аажмаар хөллөж сургана.
Тэмээний уяа сойлго тааруулах. Тэмээг аян жинд ашиглахын өмнө уяа сойлт оруулах шаардалагатай байдаг. Сойруулалт нь тэмээний тарга хүчийг тогтоох, биеийг чийрэгжүүлэх, ул тавгийг бэхжүүлэх ач тустайн дээр идэш хоолыг тохируулан алсын аян жинд явахад дасгах ач холбогдолтой байдаг. Тэмээний уяа сойруулалтыг хоёр янзаар хийх ба нэгд нь байран уяа сойруулалт, нөгөөдөх нь аяны явалт дунд хийх сойруулалт гэж ялгадаг.
Байран уяа сойруулалт хийхийн тулд намрын сэрүүн орсон үед хатуу өндөрлөг дэнж дээр юмуу хатуувтар хөрстэй газар дэнж дээр үнс хужир асгаад зэл татаж тэмээг аянд бэлтгэн уяж сойно. Сойх тэмээний бурантагийг тохой урттай уях бөгөөд ойрын аянд явах тэмээг 10 хоног уях бол эхний өдөр бүтэн уяад маргаашнаас эхлэн эхний гурав хоногт өдөр бүр нэг цаг идээшлүүлэх, дараагийн гурав хоногт хоёр цаг идээшлүүлэх, сүүлийн гурав хоногт гурван цаг тус тус идээшлүүлэн 2-3 хоногт услах замаар сойно. Харин холын аяны тэмээг нэг сар уяж сойх бол эхний арав хоног нь өдөрт нэг цаг, хоёр дахь арав хоногт өдөрт хоёр цаг, гуравдахь арав хоногт өдөрт гурван цаг идээшлүүлээд 1-2 хоноод усалж сойдог.
Аяны явалт дунд сойруулалт гэдэг нь хоногийн газарт эртхэн ирж ачаагаа буулган хоноод өглөө тэмээгээ тавьж хэсэг идүүлээд дахин ачаалан явах замаар сойхыг хэлдэг байна.
Уяа сойлго нь таарсан тэмээ нь бие хөнгөн, нүд сэргэлэн, бөх соёлзож, үс босоо, хоргол нь ботгоных шиг нарийнхан гонзгой болж задлахад шүүсгүй байдаг. Урьд цагийн малчид тэмээг 45 хоног сойгоод нойтон хорголыг галд хийхэд асаж байвал уяа сойлго таарсан гэж үздэг байжээ. Уяа сойлго алдсан тэмээ аяны явдал дунд ул таваг нь нойтон болж, өнгө зүсээ алдах, маажиж шөргөөх, нулимс гоожих, олон дахин эвшээх зэрэг шинж үзүүлдэг.
Тэмээн жин. Тэмээн жин нь 1960 хүртэл манай улсын тээвэр логистикийн чухал хэрэгсэл байсан билээ. Энэ үед манай улсын 10 гаруй аймгаас жилдээ 350-400 мянган тэмээ хөсөглөж ноос түүхий эд, бараа товараа зөөж байсан ба улсын нийт ачаа эргэлтийн 60-70 хувийг тэмээгээр гүйцэтгэж байсан байна. Монголчууд нэг удаагийн аян жинг 20 хүртэл өртөө байвал ойрын, 50 хүртэл өртөөг холын, 50 дээш өртөөг алсын аян гэж хуваан ойрын аяны нэг тэмээний ачааг 200-250 кг, холын аяны ачааг 150-200 кг, алсын аянд нэг тэмээнд 100-150 кг байхаар тохируулдог байсан байна.
Тэмээн жин тээх ажлыг жинчид аян жингийн бэлтгэлийн үе, аян жин тээх үе, буцах үе гэж гурван үе шат болгон үздэг.
Аян жингийн бэлтгэлийн үед аянчин бүр өөр өөрийн хөсөгний бэлтгэл ажлаа хийнэ. Ямар байдлаар явахаа урьдчилан төлөвлөж тохиролцоно. Жинчин хүн хоол хувцсаа төхөөрч, унаа тэмээгээ сойхоос гадна буйл зорж тусгай уутанд, товхыг хэлхэж бэлтгэнэ. Мөн тэмээ уллах багаж хэрэгсэл өдөр өдөртөө идэхээр бэлдсэн хоолоо хийдэг тусгай сав байдаг бөгөөд түүнийг сугадуур гэж нэрлэдэг байжээ. Сугадуу уутыг жингийн тэргүүн тэмээний шатны тушааны завсар байрлуулан ачааны гогцооноос уядаг бол буйлтай уутыг унаа тэмээний бөхөнд өлгөж товхыг жинчний бүснээс зүүж явдаг байжээ.
Хамтарч аян жинд явах хүмүүсийг нэг гал, бааз гэж нэрлэдэг байсан бөгөөд ихэнх нутагт арван тэмээнд нэг хүнээр жишиж хоёр хүн нэг гал, 2-3 гал нийлж нэг бааз болдог байсан. Гал, баазыг жингийн даамал удирдан дотроо хөдөлмөрийн хуваариа гарган хэрэгжүүлдэг.
Аян жингийн явалтийн үе. Аян жингийн хамгийнхариуцлагатай үе бөгөөд ус ундны байршил, бэлчээр газрын гарц, тэмээ, ачааны байдал зэргээс шалтгаалаад жингийн явалт янз бүр байдаг байжээ. Тэмээний сойруулалт зөв хийгдсэн бол 69-90 хоногийн алсын аянд тэмээ турж эцэх нь бага байдаг. Манайд тэмээн жин хоёр хэлбэрээр явдаг байжээ. Нэг нь халх аялал, нөгөө нь харчин аялал юм. Халх аялал нь өглөө нар мандахын өмнө тэмээ бүрд ачаагаа ачиж, өдрийн турш аялан яваад орой гэгээ тасрахын өмнө буудаллаж тэмээгээ амрааж идээшлүүлэх зэргээр тогтмол цагийг баримтлан хоноглож явна. Харчин аялал гэдэг нь наран баруун тийш ихээхэн хэлбийж шингэхийн өмнө ачаалан хөдлөөд үүрийн гэгээ мэдэгдэх үед буудаллаж байгаад мөн тогтсон цагтаа аялахыг хэлнэ.
Эдгээр хоёр аялалын хэлбэр нь дотроо идэр халх, хөгшин халх, хөх харчин, үдтэй харчин гэж хуваагддаг. Эдгээр дөрвөн төрлөөс аян жин эхлэхийн өмнө аль явалтаар явахаа сонгох бөгөөд эхэлж явсан явалтаар аян жингээ дуусгадаг.
Идэр халх гэдэг шөнийн арван нэгэн цагийн үед ачаалж хөдлөөд марал мичид хөөрөхөд дуусган түр зогсон тэмээгээ шээлгэн жинчид бэлэн хоолоо идэээд дахин явсаар үдээс хойш бууж нэг нь тэмээгээ хариулж идээшлүүлнэ, нөгөө нь хоол цайгаа хийх, гурав дахь нь ачаа бараагаа янзлаад нар жаргахын өмнө тэмээгээ хурааж ээлжлэн амраад марал мичид хөөрөх үед ээлжит аялалаа үргэлжлүүлнэ өөрөөр хэлбэл нэг удаад нэг бүтэн шөнө хагас өдрийн хугацаагаар аялна гэсэн үг.
Хөгшин халх гэдэг нь шөнө хугаслан хөдлөөд маргааш нь дээр нартайд бууна өөрөөр нэг бүтэн өдөр шөнийн хагас явж байна.
Хөх харчин гэдэг үүрээр буугаад нар ханын толгойд ирэхэд хөдлөнө.
Үдтэй харчин гэдэг нь шөнө хагасыг өнгөрөөж буугаад өглөө хөдлөөд дээр нартайд бууж үдлээд дахин хөдлөөд шөнө хагасыг өнгөрөөж бууна. Идэр халхад арван найман цаг, хөгшин халхад арван зургаан цаг, хөх харчинд арван долоон цаг, үдтэй харчинд арван таван цагийн турш явж байжээ.
Тэмээний уралдаан. Монголчууд эрт дээр үеэс тэмээ уралдуулан хурдан тэмээг шалгаруулан үржүүлж иржээ. Одоогоос 2000 жилийн өмнөөс Монгол нутагт суурьшиж байсан Хүннү буюу хүн үндэстэн тэмээ уралдуулан нааддаг байсан тухай түүхэн баримт байдаг(12). Уралдаанд голдуу атан тэмээг ашигладаг бол сүүлийн жилүүдэд тором уралдуулах шинэ хэлбэр гаран хөгжиж байна. Энэ нь тэмээг бага наснаас унаа эдэлгээ, уралдаанд сургах сайн талтай юм. Торомыг 8 км зайд уралдуулахад түрүүлсэн тором 15 минут 15 секунд явсан 31,48 км/цаг хурдалж байна гэсэн үг юм. Атан тэмээг 9-18 км уралдуулахад дундаж хурд нь 27,2 км/цаг байсан байна. Хатингар хэвшлийн богиновтор биетэй, хөл чац урттай, хөнгөн ястай тэмээ илүү хурдан байдаг.
Тэмээн поло шинэ үеийн спорт тоглоом. Монгол тэмээг техник спортын нэг төрөл болох поло тоглон ашиглаж болох нэгэн хэлбэрийг Монголын парламентын гишүүн Ц.Оюунбаатар санаачлан тоглох арга техник дүрэм журмыг боловсруулан өөрийн оюуны бүтээл болгон баталгаажуулсан байна.Тэмээн полог зохиогч нь тэмээт бөмбөг хэмээн нэрлэсэн байна. Тэмээн пологийн баг нь тус бүр таван хүнтэй байх бөгөөд довтолч-2, хамгаалагч-2, холбогч хаалгач-1 байхаар зохион байгуулна. Тоглолт явагдах талбайн урт нь 300 метр, өргөн нь 120 метрийн өргөнтэй цагаан шугам хүрээ хийж тэмдэглэх ба хаалганы өргөн 8 тэмээ зэрэгцэн зогсох хэмжээнээс илүүгүй буюу 2 метр 50 см-ээс ихгүй байхаар тусгай тэмдэглэлтэй туг дарцаг модоор хийнэ. Талбайн шүүгч хоёр талын хаалганы хоёр талд зогсон бөмбөг хаалганд орсон үед дарцгаар дохиж нийтэд мэдэгдэнэ. Тэмцээн хоёр үетэй бөгөөд тоглотын хугацаа 15 минут байна. Тоглолтын дүн тэнцсэн тохиолдолд дахин 10 минутаар цаг сунган 3 үеийн тоглолт хийнэ. Хэрвээ аль ч баг тоглолтын үед бөмбөг хаалганд оруулаагүй бол баг тус бүрийн 5 тоглогч хаалганд 10 метрээс тэмээний хурдаар тус бүр нэг цохилт хийнэ. Тоглолтын цохиур 2-3 см диаметртэй 30 см урттай хөндлөн чагттай 135 см урт иштэй байна. Бөмбөг нь 10-12 см диаметртэй резинэн бөмбөг байна.