Тэмээ хэзээ хаана үүссэн бэ? Дэлхий дээр бөхтэй ба бөхгүй гэсэн хоёр янзын тэмээ байдаг. Тэмээний төрлийн амьтад одоогоос 45-50 сая жилийн тэртээ Хойт Америк тивд амьдардаг туулайн чинээ биетэй хөлдөө дөрвөн сарвуутай, титэм богинотой шүдтэй протилопус хэмээн амьтнаас үүссэн байна. Аажим хувьслын үр дүнд тэмээний биеийн хэмжээ томрон уртсаж, хүзүү нь сунан одоогийн тэмээний төрхөнд шилжсэн бөгөөд одоогийн бөхт тэмээний овгоос нэг ба хос бөхт тэмээ үүсэн Хойт Америкийн Ази тивтэй залгаж буй Бренгийн хоолойгоор дамжин төв Азийн өндөрлөг бүсээс Африкийн Зүүн хойт Эрэг хүртэл тархсан бол бөхгүй тэмээн гөрөөсний овгоос лама гөрөөс, альпак, вигонь, гуанак зэрэг үүсэн одоогоос 3 сая жилийн тэртээ Өмнөд Америк тив рүү шилжин тархжээ. Одоо тэмээн төрөлтөн төрсөн эх нутагтаа одоо үлдээгүй гэсэн үг юм.
Сүүлийн жилүүдийн тэмээний генийн нарийвчилсан судалгаагаар Монгол Хятадын говь цөлд байгаа зэрлэг тэмээ буюу хавтгай нь одоогийн гэршүүлсэн хос бөхт тэмээний шууд өвөг биш бөгөөд бөхт тэмээний төрлөөс 700 мянгаас 1,2 сая орчим жилийн өмнөөс салж хөгжсөн болохыг нотолсон.
Нэг ба хос бөхт тэмээг ачаа бараа тээвэрлэх, уналга эдэлгээ, хоол хүнсэнд сүү болон махыг хэрэглэх, ноосоор эдлэл хийх зорилгоор Ойрхи Дорнотод 3000 мянган жилийн өмнө гэрийн болгожээ. Английн археологчид 1848 онд одоогийн Иракийн хойт хэсэгт оршиж байсан эртний Ассурион улсын нийслэл Калхуг хотын туурнаас МЭӨ 825 онд буюу одоогоос 2800 гаруй жилийн өмнө Шалманэссэр-3 хаанд зориулсан босгосон шохойн чулуун хөшөөн дээр хос бөхт тэмээг хөтөлж тууж байгаагаар дүрсэлсэн нь хос бөхт тэмээг ч гэсэн Ойрхи Дорнотод гэршүүлсэн байж болохыг нотолж буй эртний баримтын нэг юм. Энэ үеийн хаад өөрсдийн сүр хүчийг харуулахаар амьтад цуглуулдаг байсан гэсэн түүхийн нотолгоо байдаг юм байна. Одоогоос 2-3 мянган жилийн өмнө хадан дээр сийлж үлдээсэн хос бөхтэй тэмээний зураг Монгол Улсын нутгаас элбэг олддог нь эртний хос бөхтэй зэрлэг ба гэрийн тэмээний тархсан нэг өлгий нутаг нь байсныг харуулна. Тэдгээрийн дотор тэмээний идээшилж байгаа, хүн унасан, хөтөлсөн, тэшиж байгаа тэмээний зургууд чухал байр суурь эзэлнэ.